УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Малчид нэгдсэнээр хэрэглэгчидтэйгээ шууд харьцаж, бизнесийн зарчмаар ажиллах боломж бүрдэнэ

A- A A+
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Малчид нэгдсэнээр хэрэглэгчидтэйгээ шууд харьцаж, бизнесийн зарчмаар ажиллах боломж бүрдэнэ

УИХ-ын гишүүн Г.Дамдинням тэргүүтэй төвийн бүсээс сонгогдсон гишүүд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгон, Улсын тэргүүний Баянгол сумын иргэдтэй уулзав. Тэд иргэдийн санал хүсэлтийг сонсож, УИХ-аас хийж хэрэгжүүлсэн ажил, бүсчилсэн хөгжлийн бодлогыг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням малчид, мал аж ахуйн салбарыг дэмжих цогц хууль болох Малчны тухай хууль, Малчин өрхийн холбооны эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн талаарх мэдээллийг өглөө. Ялангуяа, Засгийн газраас хэрэгжүүлж буй малчны “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар уулзалтад оролцсон иргэд ихээхэн сонирхож байв. Иймд УИХ-ын гишүүд “Шинэ хоршоо”-ны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Малчид байгалийн бэрхшээлийг хохиролгүй давах, мал аж ахуй болон хөдөө аж ахуйн салбарыг эрчимтэй хөгжүүлэхэд чиглүүлсэн “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь малчдад үзүүлж буй төрийн чухал дэмжлэг болох хүлээлттэй байна.

Ойр орчим нутагладаг 9-өөс дээш малчин өрх нэгдэж хоршоо байгуулна. Улмаар тулгарч буй бэрхшээлээ хамтран хэлэлцэж, өөрсдийн давуу боломж дээрээ тулгуурлан орлогоо өсгөх, эрсдлээ бууруулахад хамтран ажиллана. Тухайлбал, хоршоо ашиг шим өндөртэй үүлдрийн малаар онцгойрч, мах бэлтгэлийн чиглэлээр нэгдэн ажиллах боломжтой. Малчид малын гаралтай түүхий эд, мал, махныхаа 70 гаруй хувийг ченжүүдэд өгдөг гэсэн судалгаа бий. Ченж хэмээх дундын борлуулагч орж ирсэнээр малчин махаа хямд өгдөг, харин худалдан авагч дээр үнэтэй очдог гаж гэмээр тогтолцоо бий болсон. Тэгвэл малчид нэгдэн нийлснээр хэрэглэгч нартайгаа шууд харьцаж, бизнесийн зарчмаар ажиллах боломж бүрдэх юм.

Мэдээж энэ бүхэнд санхүүгийн дэмжлэг онцгой чухал. Хоршоонд нэгдсэн малчин 3-5 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй 50 хүртэл сая төгрөгийн зээлийг авах боломжтой. Хоршооны гишүүн бүр ийм хэмжээний зээл авснаар төлөвлөсөн үр дүндээ хүрэх хэмжээний санхүүгийн нөөцийг төвлөрүүлж чадах юм.

Уулзалтад оролцсон Хэрх тосгон, Баянгол сумын иргэд малчдыг дэмжсэн эрхзүйн цогц орчин бүрдэж, хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Монгол Улсад 300 мянга шахам малчин 64 сая гаруй толгой мал маллаж, улс орны эдийн засгийн нэгэн чухал тулгуур багана болж байна. Гэвч цас зудын гамшгаас болж хотоо харлуулж, тогтвортой орлогогүй болох эрсдэл нэмэгдсээр байна. Иймд уулзалтад оролцсон иргэд төрд төлөөлж явуулсан гишүүдээс малчид, мал аж ахуйн салбарыг дэмжих, хөгжүүлэхэд чиглэсэн эрхзүйн орчныг хэрхэн бүрдүүлсэн тухай онцгойлон асууж байлаа.